"Ice top" хамтлаг үлдэцтэй, үр өгөөжтэй уран бүтээлээр тун удахгүй...

Монголын хип хопын үүслийг “Ice top” хамтлагтай холбохгүй байхын аргагүй. Тэр ч утгаараа шинэ залуу үеээ араасаа дагуулсан хуучны репперүүд маань хэдийн зөвхөн өөрсдийн гэсэн фэнүүдийн хүрээллийг бий болгож чадсан. Сүүлийн жилүүдэд уран бүтээлээ хойш тавин хувийн амьдралаа анхаарал хандуулаад байгаа “Ice top”-чуудын амьны хэдэн фэнүүдэд хандаж хэлэхэд залуус уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа гэнэ шүү. Шинэ цомгийн ажилаа эхлүүлсэн хип хоп “хөвгүүд” маань ирэх онд илүү эрч хүчтэй уран бүтээл туурвихаар сэтгэл шулуудсан гэх. Тэр ч бүү хэл хайрын дууч аялгуут хип хопчидоос тэс өөрийг дуулдаг акулууд маань өмнөх уран бүтээлүүд дээрээ шүүмжлэлтэй хандаж байгаа дуулдсан. Өөрсдийн үнэлэмжээр арай л хөнгөн хуумгай дуулж байсан гэх “Ice top”-чууд шинэ уран бүтээлээ нэгийг бодуулж, хоёрыг тунгаах үгтэй, үр өгөөжтэй, үлдэцтэй байлгахын тулд маш их хөдөлмрлөж байгаа аж. Мэдээж өөрсдийн баримталж ирсэн урсгал, стилиэс төдий л гажихгүй гэдэг нь фэнүүдийг нь баярлуулах биз. Дашрамд хэлэхэд шинэ уран бүтээлүүд, шинэ цомогийн ажилаа дуусгаад ирэх “цагаан сар”-ын үеэр бие даасан тоглолтоо төлөвлөсөн гэнэ шүү